БАЯНХОНГОР: “Эмч клуб" сурагчид болон эцэг эхэд эрүүл мэндийн боловсрол түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-03-19 17:05:59

Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын “Эмч клуб”-ийн сурагчдыг чадавхжуулах сургалтыг Баянхонгор суманд зохион байгууллаа.

Сургалтыг Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв хамтран зохион байгуулж, өсвөр насанд сэтгэл зүйн онцлогоо танин мэдэх, жендэрийн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүл төлөвлөлт, ирээдүйд хариуцлагатай, зөв хандлагатай эцэг эх болоход нь дэмжлэг үзүүлэх, төлөвшлийн талаарх цогц мэдээллийг өгсөн байна. Тус сургалтад ерөнхий боловсролын сургуулиуд, Политехник коллежийн дэргэдэх "Эмч клуб"-ийн 81 сурагч, эмч нарын хамт хамрагджээ.

Чадавхжуулах сургалтын хүрээнд өсвөр насны сэтгэл зүйн өөрчлөлт, харилцааны зөв дадал, жендэрийн тэгш байдлын ойлголт, гэр бүлийн үнэ цэн зэрэг сэдвийг хөндөн ярилцсанаас гадна оролцогчдын идэвх оролцоонд тулгуурласан хэлэлцүүлэг, дасгал ажлуудыг зохион байгуулсан байна. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, хувийн ариун цэвэр сахих, эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэх талаар бодит мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

Сурагчид сургалтад идэвхтэй оролцож, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, үе тэнгийнхэндээ зөв мэдээлэл түгээх, эрүүл зан үйлд уриалах чадварыг эзэмшихэд анхаарлаа хандуулж байв. Энэхүү сургалтын үр дүнд “Эмч клуб”-ийн гишүүд эрүүл мэндийн боловсролыг үе тэнгийнхэн болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, зөв дадал хэвшлийг сурталчлан таниулах идэвхтэй оролцогчид болон төлөвших суурь мэдлэг, чадварыг олж авсан байна.

“Эмч клуб" нь хүүхдийг хүүхдээр дамжуулж хөгжүүлэхээс гадна хүүхдүүдээр дамжуулж аав ээжид нь эрүүл мэндийн боловсрол олгоход мөн анхаардаг байна. Клубийн сурагчид сургуулийнхаа эмч болон нийгмийн ажилтантай хамтран ажиллаж, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Related news