БАЯНХОНГОР: Боловсролын чанар, менежментийг сайжруулахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-03-19 14:12:34
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяраар ахлуулсан аймгийн боловсролын салбарын төлөөлөл Боловсролын дэд сайд Д.Гантулгатай уулзаж, салбарын нөхцөл байдлаа танилцуулж санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгосны хүрээнд Баянхонгор аймаг боловсролын чанар менежментдээ тодорхой өөрчлөлтийг гаргахаар нэрлэсэн жилээ Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулан, төлөвлөсөн шатлалт ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Тэгвэл энэ сарын 16-ны өдрөөс Улаанбаатар хотын улсын болон хувийн шилдэг үзүүлэлттэй сургуулиудад Баянхонгор аймгийн ЕБС-ийн захирлууд болон бодлогын мэргэжилтнүүд туршлага судалж эхэлжээ.

Баянхонгор аймаг боловсролын чанар, менежментийг сайжруулах тодорхой саналуудаа салбарын дэд сайдад танилцуулж, дэд сайд Д.Гантулга уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бодлого болон материаллаг дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн байна

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой монгол хүн”-ийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны дагуу суралцагсдын сурлагын амжилтыг дээшлүүлэх, багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулах, дижитал ур чадварыг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Баянхонгор аймаг энэ онд:
-Олон улсын чанарын тогтолцоо: Боловсролын байгууллагуудад нэвтрүүлсэн чанарын менежментийг бататгаж, мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагсдын ур чадварыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх;
-Сургуулийн өмнөх боловсрол: Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн онцлогт тохируулан эрчимжүүлэх;
-Гадаад хэл ба байгалийн ухаан: Гадаадаас англи хэлний зочин багш нарыг урьж ажиллуулах замаар хэлний сургалтыг сайжруулах. Мөн улсын математик, физикийн олимпиадыг аймагтаа зохион байгуулж, багш сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
-Мэргэжлийн болон техникийн боловсрол: Мэргэжлийн боловсролын суралцагчдынхаа ур чадварыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн Мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хосмог сургалтыг дэмжих;
-Насан туршийн суралцахуй: Иргэн бүр тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлсэн "Суралцагч хот" болох суурийг тавих томоохон зорилтуудыг дэвшүүлжээ.
Related news