БАЯНХОНГОР: Политехникийн коллежийн сурагч У.Түвшинбуян ур чадварын олимпод оролцох эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-03-18 09:43:12
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Монгол ур чадвар" тэмцээний үндэсний ялагчаар Баянхонгор аймгийн политехникийн коллежийн сурагч У.Түвшинбуян шалгарчээ.

Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн ур чадвар монгол” НҮТББ ерөнхий зохион байгуулалтаар ханган "Монгол ур чадвар-Үндэсний ялагч" тодруулах уралдааны гуравдугаар шатны шалгаруулалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд МҮЭСТО, Барилгын политехник коллеж, Техник технологийн политехник коллеж, ШУТИС-ийн МТС, ШУТИС-ийн харьяа политехник коллеж, Герман-Монголын мэргэжлийн боловсролын сургууль гэсэн байршилд зохион байгуулсан байна.

Энэ жилийн уралдаанд хоёрдугаар шатнаас шалгарсан 53 оролцогч мэргэжлийн болон техникийн боловсролын 12 мэргэжлийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн сурагч У.Түвшинбуян "Цахилгаан хангамж тоног төхөөрөмж ашиглалт" төрөлд шалгарч үндэсний ялагч болон БНХАУ-ын Шанхай хотноо болох "World skills" ур чадварын олимпод оролцох эрхээ авчээ.

Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлийн хөтөлбөрөөр улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 45 сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролын түвшинд 2530 (эрэгтэй 2330,эмэгтэй 200), техникийн боловсролын түвшинд 476 (эрэгтэй 306, эмэгтэй 29) буюу нийт 3025 суралцагч суралцаж байна. Хосмог сургалтаар 74 суралцагч элсэн суралцаж байна.

Дэлхийн ур чадварын уралдааны алсын хараа, зорилго нь хүүхэд, залуус сонгосон мэргэжлийн чиглэлээр өөрийн ирээдүйгээ илүү утга учиртай болгох, багаар хамтран ажиллах, шударга өрсөлдөөний соёлд суралцах, анд нөхдийн нөхөрлөлийг дэмжих, дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхаж дэлхийн иргэн болоход дэмжих явдал юм.

“Дэлхийн ур чадвар Монгол” НҮТББ нь менежмент хийж байгаа байгууллагын хувьд тус уралдааныг залуусын эрх мэдэл, санаачилгад хэсэгчлэн шилжүүлж, ур чадварын уралдааны зохион байгуулалтад залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
Related news