БАЯНХОНГОР: Хангайн бүсийн багш, сурагчид харилцан туршлага судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн гурван аймаг буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймаг хамтран "Багш, сурагч солилцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Хүүхдийн хөгжих, оролцох нөхцөл боломжийг нэмэх, сургууль орон нутгийн соёл, онцлогтой танилцаж бусдаас суралцах, үе тэнгийн найз нөхөдтэйгөө үзэл бодлоо солилцох, харилцан туршлага судлах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хөгжүүлэх зорилгоор аймгуудын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газраас хамтран хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд Архангай, Өвөрхангай аймгаас Баянхонгор аймагт хоёр багш, 16 сурагч солилцоогоор ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат хүлээн авч уулзлаа. Тэрээр гурван бүс нутгийн онцлог, хөгжил дэвшил, амжилт бүтээл, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сурагчдад мэдээлэл өглөө. Мөн хонгор нутгийн хүүхэд багачуудтай нөхөрсөг сайхан дурсамж бүтээж, хэзээ ч хэнээс ч ичиж эмээлгүйгээр сониуч байж, мэдэхгүйгээ мэдэхийн төлөө, мэдсэнээ улам батжуулж эрдэм номд шамдан суралцан, их амжилтад хүрэхийг сурагчдад захив.
Архангай, Өвөрхангай аймгийн сурагчид спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал, Гэгээн сумади сургууль цэцэрлэгийн цогцолборт суралцаж байна.
Хөтөлбөрийн оролцогч багш, сурагчид эрдэм мэдлэг, урлаг, спортын олон талт үйл ажиллагаанд оролцож, туршлага судлах юм.
