ДАРХАН-УУЛ: Хог хаягдлыг дахин боловсруулах ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-17 16:51:52

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан сумын хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын уулзалт болж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болов. 


Тус уулзалтыг Дархан сумын ЗДТГ, Дархан хотын хог тээвэр ОНӨААТҮГ хамтран зохион байгуулав. Өнөөдрийн байдлаар хог боловсруулах үйлдвэрийн чиглэлээр долоон ААНБ-аас тав нь хэвийн ажиллаж, хоёр нь түр зогсжээ.


Уулзалтын үеэр салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог сайжруулах, дахивар нөөцийн цуглуулалтыг нэмэгдүүлэх. Иргэдийн оролцоог идэвхжүүлж, үйл ажиллагаа нь түр зогссон аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ярилцлаа.


Ингэхдээ хог, хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр төр, хувийн хэвшил хамтран ажиллах. Нэгдсэн бодлого, чиглэлээр хангахаас гадна, ангилан ялгалтыг хамтын ажиллагаагаар эрчимжүүлэхээр санал нэгдэв.


Мөн дөрөвдүгээр цэцэрлэгийн багш, ажилтнууд мэдээлэл авах зорилгоор уулзалтад оролцсон бөгөөд тус цэцэрлэг хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах ажлыг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлж хэвшсэн сайн туршлагаа хуваалцлаа. 




Дархан сумын хэмжээнд өдөрт дунджаар 150 тн хог хаягдал гарч түүнийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн зориулалтын дагуу дарж, булшилдаг.  Шууд хогийн цэг рүү хогийг хаяхаас өмнө ангилан ялгалт хийж сурах хэрэгтэйг оролцогчид онцолж байв. Ангилан ялгах хогийн савыг тодорхой цэгүүдэд байршуулсан ч төдийлөн үр дүнгээ өгдөггүй, ихэвчлэн өөрийн ажилтнуудаа ангилан ялгалтад оролцуулдаг гэлээ.


Судалгаагаар гялгар уут, хуванцар сав, шил, цаас, батарей, хаягдал хувцас зэрэг өргөн хэрэглээнээс үүсдэг хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах үйл ажиллагаа зонхилдог. 2025 оны байдлаар, гялгар уут 42 тн, цаас 196 тн, хуванцар сав 42 тн, шил 5.85 тн, хаягдал хувцас 2.6 тн, эмнэлгийн аюултай хог хаягдал 18 тн, хаягдал батарей 0.026 тн хогийн цэгт төвлөрчээ. 




Тиймээс өрх бүр хогийг ангилан ялгаж дахин ашиглах боломжийг олговол төвлөрсөн хогийн цэгийн ачааллыг бууруулах. Дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр талууд тодотгон ярилцлаа.


Тус суманд өнгөрсөн оноос эхлэн “Эко гал” ХХК хаягдал хувцас, даавууг зориулалтын зууханд шатааж устгалд оруулах ажлыг хийж байна. Энэ нь хаягаар очиж авдаг төлбөрт үйлчилгээ юм.

 

Related news