БАЯНХОНГОР: Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ.
Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянлиг, Галуут, Бууцагаан суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу сумдын Онцгой комисс, аймгийн МЭГ-аас үзлэг, тандалт хийхэд мэдээлэл хуурамч болох нь тогтоогдсон байна. Бусад бүс нутгуудад малын гоц халдварт өвчин гарч буй тул яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сумдын мэргэжлийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоо тогтоон хамтран ажиллах шаардлагатайг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Э.Энхбат анхаарууллаа.

Мөн сумдын Онцгой комиссууд мэдээллийн харилцан уялдаагаа сайжруулж, малын шилжилт хөдөлгөөнд онцгой хяналт тавих, зарим байгууллагад шатахууны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй сумдад ажлын хэсэг гарган газар дээр нь танилцах, хаврын хуурайшилтын үед Улсын онцгой комиссын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга, гишүүдэд өглөө.