ЗАВХАН: Байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-17 13:35:39

Улиастай. 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Отгонтэнгэр уулын орчмыг улсын хэмжээний аялал жуулчлалын бүсээр баталсан нь байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.


Монгол Улсын Засгийн газар 2025 оны 12 дугаар сард хуралдаж, эдийн засгийн зургаан бүсийн 12 аймгийн 17 байршлыг хамарсан улсын аялал жуулчлалын бүсийг анх удаа баталсан юм.


Улсын аялал жуулчлалын бүсийн бодлого нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд Отгонтэнгэр хайрхны төрийн тахилгат өвөр хэсэг болон хүүхдийн зуслан байрладаг ар хэсгийг улсын хэмжээний аялал жуулчлалын бүсэд хамруулжээ.


Тус бүсийг газарзүйн мэдээллийн системд суурилсан орчин үеийн арга зүйгээр төлөвлөж, байгаль, газар зүй, түүх, археологи, соёлын нөөц, дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн төвүүд, тээвэр логистик, олон улсын уялдаа холбоо зэрэг олон хүчин зүйлийг хамарсан орон зайн дүн шинжилгээнд тулгуурлан хөгжүүлэх юм. Ингэснээр жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн оролцоо, хүртээмжийг өргөжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.


Цаашид Отгонтэнгэр уулын ар, өвөр хэсгийн аялал жуулчлал, хамгаалалтын нэгдсэн төлөвлөгөөг Соёлын яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран боловсруулж, батлуулахаар төлөвлөж байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр авто зам барих, шашны аялал жуулчлалын цогцолбор байгуулах, хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих боломж бүрдэж байгааг онцоллоо.


Завхан аймаг Отгонтэнгэр уулын урд хэсэгт Отгон, Цагаанхайрхан сумын 26.290 га, ар хэсэгт Алдархаан, Идэр сумын 66.900 га талбайг улсын аялал жуулчлалын бүсэд хамруулж, нэгдсэн төлөвлөлтийг эхлүүлжээ. Энэ хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд болон байгууллагуудын саналыг тусгахаар ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газрын тогтоолд Эрдэнэхайрхан сум дахь Улаагчны хар нуурыг нэмж хамруулахаар төлөвлөж буйг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр дурдав.


Отгонтэнгэр уул нь дотоод, гадаадын жуулчдын зорих дуртай бүсийн нэг бөгөөд 2025 онд Завхан аймагт ирсэн 92.1 мянган жуулчны 85 хувь нь тус уул болон Улаагчны хар нуурыг үзэж сонирхжээ.

Нүүрний гэрэл зургийг: Н.Сүхбатын архиваас авав. 

Related news