ДАРХАН-УУЛ: “IELTS-100” хөтөлбөрийн хоёр дахь шат дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-16 19:51:36

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “IELTS-100” хөтөлбөрийн хоёр дахь шат өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтад гурван сарын хугацаанд 59 сурагч хамрагдсан бөгөөд мөн “Free IELTS” хөтөлбөрт 26 сурагч оролцож, өнөөдөр батламжаа гардан авлаа.


Хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал “IELTS-100” хөтөлбөрийн гурав дахь шат эхэлж байгааг зарлалаа. Энэ шатны хөтөлбөрт зөвхөн ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно.

 


Бүртгүүлсэн сурагчид гуравдугаар сарын 19-ний өдөр түвшин тогтоох шалгалт өгөх юм. 

Төлбөрийн 50 хувийг аймгийн ЗДТГ, 30 хувийг сургалтын төвөөс, 20 хувийг суралцагч төлнө. Мөн энэ жилээс хувиараа IELTS шалгалтад бэлтгэн 7.5-аас дээш оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн урамшуулал буюу шалгалтын төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.




Түүнчлэн эдгээр сурагчид IELTS шалгалтаа Улаанбаатар хотод өгдөг. Иймээс төвийн бүсийн шалгалтын төвийг Дархан хотод нээх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, хамтарч ажиллахаар төлөвлөж байгааг өнөөдрийн үйл ажиллагааны үеэр зохион байгуулагчид мэдэгдлээ.


Ташрамд, 2024-2025 оны хичээлийн жилд тус хөтөлбөрт 104 сурагч хамрагдаж, 77 сурагч IELTS шалгалт өгчээ. Үүнээс 33 сурагч 7.5-8.5 оноо, 62 сурагч 7.0+ оноо авсан байна.



Related news