ЗАВХАН: Халиун бугын тоо толгойг бүртгэх ажиглалтын судалгааг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-16 17:04:36

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймагт нэн ховор амьтан болох халиун бугын судалгааны ажлыг энэ жил үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.


Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад 2025–2026 онд замналын судалгааны арга зүйгээр хийсэн ажиглалтаар 48 удаагийн бүртгэлээр нийт 801 бодгаль халиун буга бүртгэгджээ.


Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас амьтдын судалгааг жил бүр ажиглалт, замналын аргаар тогтмол хийдэг байна. Судалгааны дүнгээр хүйсийн харьцаа 1:2 буюу нэг дайрт хоёр согоо ногдож байгаа нь сүргийн бүтэц харьцангуй тогтвортой байгааг илтгэж байна. Энэ онд тусгай хамгаалалттай бүс нутагт дахин ажиглалтын судалгаа хийж, тоо толгойг нь илүү нарийвчлан тогтоохоор төлөвлөжээ.


Тус байгууллагын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчид, судлаачидтай хамтран бүс нутгийн амьтан, ургамлын төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчин, нөөц баялгийг судлан танин мэдэх, зохистой ашиглах, хамгаалах оновчтой арга замыг тодорхойлох зорилгоор судалгааны ажлыг тогтмол явуулдаг байна. Ингэснээр тухайн орчны амьтдын тоо толгой, нөөц, тархац, байршил, нүүдэл шилжилтийг бодитоор тогтоож, хамгаалал, зохистой ашиглалтын менежментэд ашиглах боломж бүрддэг байна. Отгонтэнгэрийн дархан цаазат газарт байнгын байршиж нутагладаг халиун бугын судалгаанаас харахад сүүлийн 10 жилийн хугацаанд тоо толгой нь тогтвортой өсөж буйг ажиглалтаар тогтоожээ.


Халиун буга нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Хөх нуур, Даян уул, Рашаан голын урд хэсгийн ойт бүс нутгаар тархан амьдардаг. Тэд өвөл, хаврын улиралд нам дор ой бүхий бүсэд нутаглаж, зуны улиралд өндөр уул, тагийн бүс рүү шилжин байрладаг онцлогтой. Судлаачдын мэдээлснээр, дэлхий даяар сүүлийн 50 жилийн хугацаанд зэрлэг амьтдын тоо толгой дунджаар 73 хувиар буурсан байна. Иймд зарим амьтны тоо толгой өсөж байгаа нь хамгааллын асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш бөгөөд амьдрах орчныг нь хамгаалах, олон нийтэд байгаль, экологийн ач холбогдлыг таниулах ажил чухал хэвээр байгааг онцолж байна.


Халиун бугын хувьд хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр уулсын дагуу байнга шилжилт хөдөлгөөн хийж байна. Мөн малын бэлчээр тэдний идээшил нутгийг шахаж байгаа нь шилжилт хөдөлгөөний нэг шалтгаан болж байгаа юм. Түүнчлэн хууль бус агнуурын улмаас тоо толгой буурах эрсдэл байгааг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.


Сонирхуулахад, Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу эдгээр амьтныг зохих зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгохоос гадна тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөр төлүүлэх юм. Тухайлбал, халиун буга (Cervus elaphus)-ыг хууль бусаар агнасан тохиолдолд экологи-эдийн засгийн суурь үнэлгээ 12.7 сая төгрөг байна.

Related news