ЗАВХАН: XX зууны эхэн үед Завхан аймагт амьдарч байсан хүмүүсийн архивын баримтыг ном болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-16 15:07:14

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүн амын тооллогын архивын баримтад тулгуурласан “Завхан судлал” орон нутаг судлалын цувралын 31, 32 дугаар боть хэвлэгдэн гарч, нээлтээ хийлээ.


Тус хоёр ботид 1922 оны хүн амын тооллогын баримтуудыг багтаасан бөгөөд Завхан аймагтай холбоотой Сайн ноён хан аймгийн Хошууч Мэргэн засгийн хошуу, Далай Чойнхор засгийн хошуу, Баатар засгийн хошуу, Улиастай хот, Нарбанчин хутагтын шавь, Засагт хан аймгийн Хотогойдын Эрдэнэ Дүүрэгч засгийн хошуу, Сартуулын Сэцэн засгийн хошуу, Ялгуусан хутагтын шавийн хүн амын тооллогын мэдээллийг хамруулжээ.


Эдгээр баримтад ХХ зууны эхэн үед өнөөгийн Завхан аймгийн нутагт амьдарч байсан хүмүүсийн нэр, нас, хэргэм зэрэг, эрхэлж байсан ажил алба, мал хөрөнгө зэргийг дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байна. Иймээс уг ном нь өвөг дээдэс, овог удам судраа сонирхон судалдаг иргэд, судлаачдад чухал гарын авлага болох ач холбогдолтой юм.

Тухайлбал, 1922 онд Сайн ноён хан аймгийн бэйлийн зэрэг бөгөөд бэйсийн зэрэг Хошууч Мэргэн засаг, улсад туслагч гүн Дашзэвэгийн хошууны хүмүүсийн нэр, нас, хөрөнгө малыг тодорхойлон байцаасан цэс дэвтэр, мөн Засагт хан аймгийн вангийн зэрэг Сартуулын Сэцэн засаг Жалчингомбоцэдэнгийн хошууны хүн амын нэр, нас, хөрөнгө малыг тодорхойлсон цэс дэвтрийн баримтуудыг тус номд оруулжээ.


“Завхан судлал” төвөөс орон нутаг судлалын цувралыг эрхлэн хэвлүүлж эхлээд 10 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Завхан аймагтай холбоотой хошуудын 1929 оны хүн амын тооллогын баримтыг цувралд багтаан хэвлэсэн байна. Тодруулбал, 10 дугаар ботид хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ Дүүрэгч засгийн хошууны, 11 дүгээр ботид Сартуулын Сэцэн засгийн хошууны, 12 дугаар ботид Цогтой засгийн хошууны, 13 дугаар ботид Сайн ноён хан аймгийн Хошууч Мэргэн засгийн хошууны, 14 дүгээр ботид Далай Чойнхор болон Баатар засгийн хошууны хүн амын тооллогын баримтыг тус тус багтаан хэвлүүлж байжээ.


Номын ерөнхий редактор, Завхан судлал төвийн тэргүүн Б.Түвшин “1929 оны хүн амын тооллого нь бусад онуудынхаас илүү нягт нямбай, бүрэн гүйцэд хийгдсэн төдийгүй 1931 оны засаг захиргааны томоохон өөрчлөлтийн өмнө хийгдсэн гэдгээрээ онцгой ач холбогдолтой. Харин тухайн тооллого хамжлагын харилцааг халсны дараа хийгдсэн учраас хүмүүсийн хэргэм зэрэг, хөрөнгө чинээний талаарх мэдээлэл тусгагдаагүй байдаг” хэмээн онцолсон байна.


Хүн амын тооллогын баримтыг доктор, профессор Д.Мөнх-Очирын удирдлага дор АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, түүхийн ухааны магистр, докторант А.Ган-Эрдэнэ, ШУА-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл шинжлэлийн ухааны магистр, докторант Б.Лхагважав, Тагнуулын тусгай архивын судлаач, түүхийн ухааны магистр, докторант М.Лхамжав, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны шинжээч, магистр, докторант Б.Жавхлан, МУИС-ийн ХЗС-ийн мэргэжилтэн, хэл зохиолын ухааны магистр, докторант Д.Лхагвагэрэл, Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын мэргэжилтэн, магистр Д.Төмөр-Очир, “Энержи Инсайт” сэтгүүлийн сэтгүүлч, магистр Б.Баянжавзан нар хамтран монгол бичгээс буулган бэлтгэжээ.


Номыг эмхэтгэн хэвлүүлсэн багийнхан бүтээлээ Завхан аймгийн 24 сумын номын санд хүлээлгэн өгөөд байна.

Номд орсон архивын баримт


Related news