ЗАВХАН: Нүүдлийн кино театр баруун бүсийн иргэдийг кино урлагтай танилцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-13 15:30:49

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 1945 оны эхээр баруун таван аймгийг хамарсан нүүдлийн кино баазыг байгуулж, тухайн үеийн иргэдэд кино урлагийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажлыг эхлүүлжээ.


Тус кино бааз нь таван хүний орон тоотой байгуулагдсан бөгөөд хоёр программ бүхий кино аппаратаар кино үзүүлдэг байнгын үйлчилгээтэй болж өргөжсөн байна. Анхны кино механикчаар н.Дамдинсүрэн ажиллаж байжээ.


Нүүдлийн кино театрын төв нь Улиастай хотод байрлаж, Завхан аймгийн сумд болон баруун бүсийн аймгуудаар явж иргэдэд үйлчилдэг байжээ. Тухайн үед зориулалтын барилга байгууламж ховор байсан тул монгол гэрт цагаан даавуу татан дэлгэц болгон ашиглаж, зөөврийн кино аппаратаар кино гаргадаг байв.


Тухайн үед Монголд бүтээсэн кино цөөн байсан ч 1945 онд бүтээсэн түүхэн уран сайхны “Цогт тайж”, Монголын анхны уран сайхны кинонуудын нэг “Монгол хүү”, “Хил дээр гарсан хэрэг”, мөн Зөвлөлт-Монголын цэргийн хамтын ажиллагааг харуулсан “Морин цэрэг танкист” зэрэг киног үзүүлж байжээ. Мөн тухайн үеийн улс төр, нийгмийн үйл явдлыг харуулсан баримтат кинонуудыг ч гаргадаг байсан талаар архивын баримт болон “Нэгэн зууны шастир” номд дурдсан байна.


Ийнхүү 1940-өөд онд Монгол Улсад суурин кино театр цөөн байсан тул зөөврийн кино аппарат бүхий “нүүдлийн кино театр”-ын баг аймаг, сум, хөдөө орон нутгаар явж кино үзүүлдэг байжээ. Энэ нь иргэдийг кино урлагтай танилцуулахын зэрэгцээ тухайн үеийн улс төр, үзэл суртлын мэдээллийг түгээх нэгэн хэрэгсэл болж байсан байна.


Related news