ДАРХАН-УУЛ: Сүүлийн хоёр жилд 134 охин өсвөр насандаа жирэмсэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-13 13:46:24

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өсвөр насны охидын бэлгийн боловсролд эцэг эх, асран хамгаалагчид анхаарч, тэднийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах шаардлагатайг эх барих, эмэгтэйчүүдийн эмч зөвлөж байна. Аймгийн хэмжээнд 2024 онд 60, 2025 онд өсвөр насны 74 охин төржээ.


Улсын хэмжээнд 15-19 насны мянган охин тутмын 40 нь төрдөг гэж 2022 онд хийсэн НҮБ-ын судалгаа бий. Энэ нь өсвөр насны охидын жирэмслэлт өндөр гэсэн үзүүлэлтэд тооцогддог байна. Өнгөрсөн онд төрсөн 74 охиноос хамгийн бага нь 14 настай байжээ.


Өсвөр насны охидын нөхөн үржихүй бүрэн хөгжөөгүй, ид боловсорч байх насанд жирэмсэн болох нь амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулах, тээж буй ураг дутуу төрөх эрсдэлтэйг Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ц.Жигжиддулам онцолж байна.


Мөн нийгмийн оролцоо буурах, нийгмээс өөрийгөө тусгаарлах, сэтгэл зүйн айдас түгшүүрт автах, сурч боловсрох эрх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хааж байдаг.


Өсвөр насны охидын ихэнх нь жирэмсэн болсноо мэдэхгүй эхний гурван сарыг өнгөрөөдөг. Энэ нь сарын тэмдэг тогтворжоогүй байдагтай холбоотой. Үүнээс шалтгаалж цаг хугацаа алддаг гэдгийг ч тодотгож байна.


Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, бэлгийн эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг цогц байдлаар хүргэх, охид, хөвгүүдтэйгээ найз нөхөд мэт дотно ярилцаж байх хэрэгтэйг зөвлөж байна.

Related news