ЗАВХАН: Нэг малчинд 26 адуу ногдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн адуун сүрэг сүүлийн зургаан жилд тогтмол өсөж, нэг малчинд ногдох адууны тоо улсын дундажтай ижил буюу 26 болжээ.
Түүхэн мэдээллээс үзвэл Завхан аймаг 1933 онд хамгийн бага буюу 84.0 мянган адуу тоолуулж байсан бол түүнээс хойш тоо толгой нь ерөнхийдөө өсөх хандлагатай байна.
Харин 1980, 2000 оны зудын жилүүдэд адууны тоо огцом буурч байжээ.
Сүүлийн жилүүдэд адууны тоо толгой эрчимтэй нэмэгдэж, 2020 оноос хойш 200 мянгаас дээш толгой адуу тоолуулж байна. Аймаг 2022 онд сүүлийн зуун жилийн түүхэндээ хамгийн олон буюу 271.6 мянган адуутай болжээ.
Харин 2025 оны мал тооллогоор 263.2 мянган толгой адуу бүртгэгдсэн байна. Үүнээс 52.0 мянга нь төл, 86.2 мянга нь хээлтэгч, 8.4 мянга нь хээлтүүлэгч аж. Нийт мал сүргийн 8.7 хувийг адуу эзэлж байна.
Монгол Улс нийт 5.1 сая адуутай бөгөөд үүний 833.1 мянга нь баруун бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд нэг малчинд дунджаар 26 адуу ногддог бол баруун бүсэд 17 байна. Харин Завхан аймагт энэ үзүүлэлт 26 буюу улсын дундажтай тэнцүү байгаа юм.
Завхан аймаг нь адууны тэс үүлдрийн цөм сүрэгтэйгээрээ онцлог.
Тэс үүлдрийн адуу нь Монголын баруун бүсэд, ялангуяа Тэс сум болон Тэсийн голын сав нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон адууны үүлдэр юм. Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт, Тосонцэнгэл сумын Согоот, Тэлмэн сумын Нуур, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тэс, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино сумын зарим багийн нутагт тэс үүлдрийн адуу өргөн тархсан байдаг.
Өвөлдөө −50, зундаа +38 хэм хүрдэг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон нутагшсан энэ үүлдэр нь тэсвэр хатуужил сайтай, цас ихтэй, салхи шуургатай өвлийг давах чадвар өндөртэй. Уналга, эдэлгээнд ашиглахаас гадна уяж сойн уралдуулдаг уламжлалтай. Завхан аймагт ойролцоогоор 27.6 мянган толгой тэс үүлдрийн адуу бий гэж салбарын судалгаанд дурдсан байна.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр улсын хэмжээнд адууны 11 үүлдэр өсгөн үржүүлж байна. Үүнээс зургаа нь үндэсний үүлдэр бөгөөд монгол адуу, галшар, тэс, дархад, мянгад болон өндөршил омог багтдаг.
