ДАРХАН-УУЛ: IELTS-ын шалгалтад 8-8.5 оноо авсан сурагчдад зөөврийн компьютер гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-12 12:06:24

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй ‘IELTS-100’ хөтөлбөрт энэ онд 104 сурагч хамрагдсан бөгөөд шалгалтад 8 ба түүнээс дээш оноо авсан сурагчдад урамшуулал болгон зөөврийн компьютер гардуулж эхэлжээ.


Ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн үр дүнд 33 сурагч 7.5 оноо авч шалгалтдаа тэнцжээ.


Аймгийн Засаг дарга Б.Азжаргал 8-8.5 оноо авсан найман сурагчид баяр хүргэж, тэдэнд зөөврийн компьютер гардууллаа.




Сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сурч хөгжих боломжоо гүнзгийрүүлэн судлахад зориулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаад сурагчид талархал илэрхийлэв.


"Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд тус хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэх, тухайн хөтөлбөрт хамрагдах босго шалгалтыг давж хамрагдах хүүхдүүд нэмэгдэж байгааг "IELTS-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа сургалтын төвүүдийн багш нар онцолж байна.


Түүнчлэн сумдаас шалгарсан сурагчдыг Дархан суманд хөтөлбөр хэрэгжих гурван сарын хугацаанд амьдрах, суралцах нөхцөлийг Засаг даргын зүгээс бүрдүүлэн ажиллаж байна.

Related news