ЗАВХАН: Солонгот, Ганцын давааны замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Гуравдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагийн байдлаарх өртөө, харуулын ажиглалтын талбайн мэдээгээр Баянхайрхан, Түдэвтэй, Их-Уул, Баянтэс сумын нутгаар хамгийн их буюу 10–14 см зузаан цастай байна.
Мөн Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Цагаанхайрхан зэрэг нийт 10 сумын нутагт 3–9 см зузаан цастай байгаа бол бусад сумын нутгаар цасгүй байна. 14.00 цагийн байдлаар, Нөмрөг, Цэцэн-Уул, Баянхайрхан, Түдэвтэй, Яруу, Отгон суманд цас орж байна. Нөмрөг, Баянтэс, Цэцэн уул, Улиастай, Баянхайрхан, Идэр, Сонгино, Түдэвтэй гэхчлэн 11 сумын нутгаар салхины дундаж хурд секундэд 10-14 метр, түр зуур секундэд 14-19 метр хүрч цасаар шуурч байна.
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхи секундэд 7-12 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Говь, талын нутгаар салхины хурд секундэд 16-18 метр хүрч, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсч болзошгүйг цаг уурчид анхааруулж байна.
Цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул малчид, иргэд, тээвэрчид онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөлөө. Мөн малаа ойр бэлчээж, авто машины бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна.
