ЗАВХАН: Электрон каталогоор дамжуулан эртний болон түүхэн номуудын судалгаа хийх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын санд орон нутгийн түүх, соёлтой холбоотой ховор болон түүхэн эх сурвалж бүхий номууд хадгалагдаж байна.
Тус номын сан нь Завхан нутгийн түүх, соёлын талаархи баримтат материал, цахим ном, цахим каталог бүхий сан хөмрөгтэй.
Уншигчид электрон каталогоор дамжуулан эртний болон түүхэн номуудын мэдээллийг хайж, судалгаа хийх боломжтой юм. Мөн ардын хувьсгалын жилүүд болон түүнээс өмнөх үеийн Завхан нутгийн түүхийг харуулсан баримтат номууд хадгалагдаж байна.
Тухайлбал, “Улиастай хотын түүх” нэртэй бүтээлд тус хоттой холбоотой эртний түүхэн тэмдэглэлүүдийг багтаасан байна. Судлаач, уншигчид эдгээр номтой биеэр болон цахимаар танилцах боломжтой.
Төв номын сангийн алтан фондод хуучны 10 орчим ном хадгалагдаж байгаагаас 1920-иод оны үед муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичсэн “Бөхийн оноолт”, “Жаран настай Пэлжээгийн тусалсан үлгэрийн тухай” зэрэг бичмэл эх сурвалжууд бий.
Мөн 1956 онд хэвлэгдсэн, 830 хуудастай “Монголын утгын зүйл хуваасан толь бичиг” ном 66 жилийн турш тус номын санд хадгалагдаж байгаа бөгөөд нимгэн цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичсэн онцлогтой.
