ЗАВХАН: Ямааны сүргийн бүтцэд анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгааг судалгааны дүн харуулж байна.
Завхан аймагт ямаан сүргийн тоо 1968 онд 236.2 мянга болж буурч, тухайн үед мал сүргийн бүтцэд эзлэх хувь 15.9 хувь байжээ.
Харин түүнээс хойш тогтмол өссөөр, ялангуяа 1990 оноос хойш өсөлт эрчимжсэн байна. 2019 онд аймгийн хэмжээнд ямаан сүрэг 1.418.6 мянгад хүрч өссөн ч 2023 он хүртэл тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт ажиглагдсан. Харин сүүлийн хоёр жилд дахин өсөх хандлага ажиглагдаж байна.
Улсын хэмжээнд 2025 онд 23.1 сая ямаа тоологдсон бөгөөд дунджаар нэг аймагт нэг сая орчим ямаа ногдож байгаа юм. Завхан аймгийн хувьд 2025 оны мал тооллогоор 1.1 сая ямаа бүртгэгдсэн байна. Үүнээс 309.8 мянга нь төл, 452.8 мянга нь хээлтэгч, 4.7 мянга нь хээлтүүлэгч, 335.4 мянга нь бусад насны ямаа байна.
Судалгаанаас үзэхэд нэг уханд дунджаар 96.3 хээлтэгч ногдож байгаа нь сүргийн бүтцийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл бий болж байгааг илтгэж байна. Иймд ямааны үүлдэр угсааг сайжруулах чиглэлд бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ асуудалд анхаарч ажиллаж эхэлжээ.
Цаашид “Завхан-Буурал” үүлдрийн ямааг өсгөж үржүүлэх бодлого баримтлахаар төлөвлөж байна. Тус үүлдрийн ямаа нь ноолуурын гарц сайтай, ширхэг урт, нарийн микронтой, жин ихтэй, сүүний гарц арвин, ашиг шим өндөр зэрэг онцлогтой бөгөөд Завхан аймгийн онцгой брэндийн нэг юм.
Мөн аймаг орон нутаг бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, шинэ технологи, инновацийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр онцоллоо.