ЗАВХАН: Нүүдлийн асраар 82 жилийн өмнө номын сангийн үйлчилгээг хүргэдэг байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-10 10:11:23

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв номын сан өдгөөгөөс 82 жилийн өмнө үүдээ нээж, орон нутгийн иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.


Тус номын сан 1944 онд анх 5000 номын сан хөмрөгтэйгээр уншигч олонд үйлчилж эхэлжээ.


Эхний жилүүдэд нүүдлийн асар, түрдэг тэрэг, шуудангийн хайрцгаар дамжуулан хөдөө орон нутагт явж номын үйлчилгээ хүргэдэг байсан байна. Мөн номын сангийн дэргэдэх идэвхтэн уншигчид болон ахмад настнууд 1959 оноос эхлэн үлгэр, тууж унших, яриа лекц хийх, үдэшлэг, концерт тоглох зэрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байжээ.


1966 онд номын сангийн зориулалтын барилгыг ашиглалтад оруулснаар үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн байна. Харин 1990 оны байдлаар Завхан аймагт нийт 380 мянган номын фонд бүхий 25 номын сан ажиллаж, аймгийн хэмжээнд уншигчдад үйлчилж байжээ. Мөн 1990 онд Завхан аймгийн төв номын санг төрийн шагналт, нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит болгосон бөгөөд энэ тухай архивын баримт болон “Нэгэн зууны шастир” номд дурджээ.


Одоогийн байдлаар Бэгзийн Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын санд монгол, англи, орос, төвөд хэл дээрх ойролцоогоор 56,084 ном хадгалагдаж байна. Мөн номын сангийн электрон каталогид 25,045 нэр төрлийн 44,861 ширхэг ном бүртгэгдсэн байна.


Жил бүр номын сан худалдан авалт болон хандивын номоор сан хөмрөгөө баяжуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд 3000 гаруй байнгын уншигчтай болсон байна.

Related news