ЗАВХАН: Шар усны үерийн эрсдэл 10 гаруй суманд их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар цаг агаар дулаарах төлөвтэй байгаа тул цас ихтэй сумдын нутгаар шар усны үер буух эрсдэлтэй байна.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд Тэс, Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргац зэрэг цас ихтэй 11 суманд шар усны үерийн эрсдэлийг “маш их” түвшинд үнэлжээ. Харин бусад сумын нутгаар үерийн эрсдэл ихээс дунд түвшинд байна.
Цаг агаар огцом дулаарсантай холбоотойгоор дээрх сумдын нутаг дахь гол, сайр, жалгаар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тухайлбал, том жижиг гол мөрөн, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, шаардлагатай тохиолдолд нүүдэллэх, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн гуу жалганд хаягдсан мал, амьтны сэг зэм цасны усаар дамжин ус бохирдуулах, халдварт өвчин тараах эрсдэлтэй тул холбогдох байгууллагууд цаг алдалгүй цэвэрлэгээ, устгалын арга хэмжээ авах шаардлагатайг онцоллоо.
Шар усны үер гэдэг нь хаврын улиралд цас, мөс хайлж их хэмжээний ус урсан гол мөрөн, нуур цөөрмийн усны түвшин огцом нэмэгдэн үерлэх байгалийн гамшигт үзэгдэл юм.
Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс сум, орон нутгийн байгууллагуудад ус зайлуулах хоолой, шуудууг цэвэрлэх, шинээр байгуулах, үерийн эрсдэлтэй бүсэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг зөвлөж байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын нийт газар нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд цасны дундаж зузаан 7.5 см, цасан дахь усны нөөц 14.2 шоо.км байна.
Тухайлбал, Ерөө, Халх, Хараа, Хэрлэн, Улз гол–Хөх нуур, Мэнэнгийн тал, Булган, Онон, Шишхэд, Туул, Сэлэнгэ мөрөн, Хөвсгөл нуур–Эг гол, Идэр, Увс нуур–Тэс голын сав газруудын 90-99 хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд цасан дахь усны нөөц дунджаар 0.59 шоо.км байна.
Харин Үенч–Бодонч, Орхон, Дэлгэрмөрөн, Хяргас нуур–Завхан, Хануй, Чулуут, Умард говь, Хар нуур–Ховд гол, Хүйсийн говь–Цэцэг нуур, Таац, Бөөнцагаан–Байдраг зэрэг голуудын сав газрын 45-80 орчим хувь нь цастай байгаа бөгөөд цасан дахь усны нөөц дунджаар 0.51 шоо.км байна.
