ЗАВХАН: Хүүхдийг орчны эрсдэлээс хамгаалах аяныг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-09 12:47:38

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой аяныг энэ сарын 2-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд – Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Энэхүү аян нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй юм.


Завхан аймагт тус аяныг эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, төр болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэжээ. Мөн хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн орчны эрсдэлийг үнэлж, үнэлгээнд үндэслэн ахуйн болон орчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилготой юм.


Аяны хүрээнд хүүхдийн амьдарч буй гэр, орон байрны дотоод болон гадаад орчин хүүхдэд хэр ээлтэй, аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг үнэлэх аж. Мөн оршин суугаа орчны аюулгүй байдал, хүүхдийн гэрээсээ сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны эрсдэлийг үнэлэх юм. Үүнээс гадна аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагын дотоод, гадаад орчинд үнэлгээ хийж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг тодорхойлох ажлыг зохион байгуулна.


Иргэд, эцэг эхчүүд, багш нар, сургуулийн удирдлагууд болон байгууллагууд өөрсдөд хамаарах асуумжид цахимаар хариулт өгч оролцох бөгөөд и-мэйл хаягаараа нэвтэрч бөглөх боломжтой. Нэг асуумж нь ойролцоогоор 20-30 асуулттай байна.

Аймгийн хэмжээнд 24 суманд зохион байгуулж буй энэхүү аянд иргэд идэвхтэй оролцсоноор хүүхдийн амьдарч буй орчны эрсдэлийг тодорхойлж, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж бүрдэхийг Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас мэдээллээ.


Ташрамд, Завхан аймагт хүүхдийн орчны эрсдэлийн нэгдсэн үнэлгээ өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжид ирж буй дуудлагын 10 орчим хувийг ахуйн хүрээнд эрсдэлд өртсөн хүүхдийн дуудлага эзэлж байна. Иймээс энэхүү аян нь цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг холбогдох байгууллагаас онцоллоо.


Related news