ДАРХАН-УУЛ: Хэвлэл мэдээллийн салбарын гурван үеийн уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Үндэсний сэтгүүл зүйн 113 жилийн ойн өдрөөр МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс гурван үеийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар одоо ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон ахмад үеийн сэтгүүлчдийг хүлээн авч хүндэтгэл илэрхийлэн дурсамж яриа өрнүүлэв.
Уг уулзалтад ахмад үеийг төлөөлж МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч, МУСГЗ Б.Норовсамбуу, "Найрамдлын Дархан" сонины сурвалжлагч ахмад сэтгүүлч Д.Бямбасүрэн, Найрамдлын Дархан сонины эрхлэгч Д.Пүрэв, сонин телевизийн ахмад сэтгүүлч Ч.Саранцэцэг нар оролцлоо.

Ахмад сэтгүүлч МУСГЗ Б.Норовсамбуу 40 гаруй жил Дархан хотын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, орон нутгийн нийгэм эдийн засгийн мэдээ, мэдээллийг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сайтад нийтэлж, 2017 онд гавьяаныхаа амралтад суусан. Түүний хувьд Монголын ууган хэвлэл мэдээллийн байгууллага, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг сэтгүүлчийн бүтээлийг бодитоор үнэлэхийн зэрэгцээ, бичих ур чадвар, найруулга зүйг сэтгэлд хүртэл суулгаж өгдөг нь сайхан. Мэдээний үндсэн зарчмаа алдаагүй дэлхийд үнэлэгддэг үндэсний агентлагийнхаа нэгэн эд эс, хамт олон гэж дуудуулж байсандаа баяртай байдаг гэв.
Ахмад сэтгүүлч Д.Бямбасүрэн, Д.Пүрэв, Ч.Саранцэцэг нар хэлэхдээ, Дархан хотын ууган хэвлэл "Найрамдлын Дархан" сонин тухайн үеийн иргэдийн мэдэээллээ авдаг гол хэрэгсэл байсан. Бидний үед халуун, хүйтнийг ажралгүй мэдээ, сурвалжилгаа бэлтгэж, өнөөгийн хөгжил нь улсдаа дээгүүрт тооцогддог Дархан хотын түүхийг сонины шаргал хуудаст үлдээж чадсандаа баяртай байдаг гэж онцлон ярилаа.

Ажиллах нөхцөл хүнд, өнөөдрийнх шиг техник, технологи хөгжөөгүй, машин унаагүй явган гүйж мэдээ, сурвалжилгаа бэлтгэдэг байсан нь дурсамж болж үлджээ. Нийгэм хэцүүхэн болсон өнөө цагт сэтгүүлчийн үнэлэмжийг унагаахгүй, эв эвдрэлцээгүй, хэвлэлийн мэдээллийн салбарынхаа 63 дахь түүхийн шаргал хуудсаа бичиж яваа эрхэм дүү нартаа ажлын амжилтыг хүссэн юм.
Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн салбарын
түүх 1964 оноос
эхлэлтэй бөгөөд "Найрамдлын
Дархан" сонин анхны дугаараа хэвлүүлсэн түүхтэй.