БАЯНХОНГОР: Хэвлэл мэдээллийн салбарт 30 орчим хүн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна.
Баянхонгор аймагт сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч зэрэг 30 гаруй хүн хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг бөгөөд тэдний тал хувь нь 35 хүртэлх насны залуус байна. Өдгөө тус аймагт орон нутгийн гурван телевиз, 10 хоног тутмын хоёр сонин, МОНЦАМЭ агентлагийн аймаг дахь сурвалжлагч, МҮОНТ болон ТВ9 телевизийн сурвалжлагч, богино долгионы ФМ радио зэрэг байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан нь Монголын хэвлэл, мэдээллийн салбарын эхлэл болсон түүхэн үйл явдал юм. Уг сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн үндэслэгчдийн нэг хэмээн үздэг билээ. Анхны дугаарыг 50 орчим хуудастай, 500 хувь хэвлэн төрийн байгууллагуудад түгээж, цөөн тоогоор иргэдэд худалддаг байжээ.
Харин 1993 онд болсон Монголын сэтгүүлчдийн их хурлаар гуравдугаар сарын 6-ны өдрийг “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.