ЗАВХАН: Шашны урлагийн ховор үзмэрүүдийг иргэдэд таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-06 13:07:33

Улиастай. 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд ХІХ-ХХ зууны үед бүтээсэн алтан шармал нархажид бурхны ховор бүтээл хадгалагдаж байна.


Уг бурхан шармал өнгөөр дүрслэгдсэн, зогсож буй байдлаар урласан бөгөөд зүүн гартаа цустай гавал барин түүнээсээ ууж буйгаар бүтээжээ. Бүтээлийн урлаач нь тодорхойгүй ч, аймгийн музейн сан хөмрөгт үзмэр цуглуулгын шугамаар хадгалагдаж байна.


Завхан аймгийн музей нь сан хөмрөг, үзүүллэгтээ нийт 11 600 гаруй үзмэр хадгалж буй бөгөөд улсын хэмжээнд томоохонд тооцогдох музейн нэг юм. Эдгээрээс шашны холбогдолтой 604 дэсийн 3237 үзмэр байдаг.


Тус музей эдгээр үзмэрээр дамжуулан тухайн үеийн шашны урлаг, дархны уран нарийн хийц, соёлын өвийг хүүхэд, залуучууд, иргэдэд таниулж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулж байна.


Нархажид бурхан нь цөвүүн цагийн зовлон бэрхшээл, өвчин эмгэг, хараал жатга, гамшиг осол, эд хөрөнгийн хомсдолоос аврагч, хамгаалагч бурхан хэмээн сүсэглэн шүтдэг. Энэ бурхныг бүтээж “Ум марзэ мараа гүрү бадма сиди хум” хэмээх тарнийг унших нь сөрөг эрчмээс хамгаалж, нас буян, сайн сайхныг дууддаг хэмээн үздэг байна.


Бурхны шашны Очирт хөлгөний ёсонд Жэвзүн Дорж Налжирмаа буюу Важра иогини хэмээн алдаршсан Нархажид буюу Хажид бурхан нь цөвүүн цагийн ганц аврал хэмээн үздэг. Хажид бурхны тарнийг зөвхөн дээдсээс ван хүртсэн хүмүүс уншдаг хэмээдэг бөгөөд тарнийн ёсны эх бурхдаас дээд нь хэмээн хүндэтгэн дээдэлдэг байна.


Судар бичигт Хажид бурхныг зүрхэндээ залж, арвис тарнийг тоолон, бүтээл нямба үйлдвэл нэгэн насандаа гэгээрэлд хүрэх тухай олонтаа дурдсан байдаг. Нархажид бурхан нь Энэтхэгийн 84 шидтэний нэг их дүвчин Наробаас уламжилж ирсэн нууц тарнийн ёсны ядам сахиус хэмээн үздэг. Их бүтээлч Наробад илтэд үзэгдсэн тул “Наробагийн дагина” хэмээн нэрлэгдэх болсон тухай домог ч бий.

Бурхны шашны олон урсгалд голлох ядам шүтээн болдог Хажид бурхны тарнийг сонсож, сүсэглэн дээдлэх нь амар амгаланд дөтлөхийн ерөөл өргөдөг хэмээн үздэг байна.

Related news