ЗАВХАН: Хилийн цэргийн 0277 дугаар анги шилжин явах цомыг дахин хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-06 09:52:30

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Марш тактик-2026” цогцолбор тэмцээн Тэс суманд болж, аваргуудаа тодрууллаа.


Тэмцээнийг Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн 100 жилийн ой, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн Арцсуурийн заставын 50 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан зохион байгуулсан юм.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд Марш тактикийн аварга тасаг, Цэрэгжилтийн цанын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа орон нутагт зохион байгуулснаараа онцлог байв.


Цогцолбор тэмцээний нээлтийн анхны бамбарыг Хилийн цэргийн 0277 дугаар ангийн сургалт, цэргийн албаны ахлах офицер, гардан тулааны олон улсын хэмжээний мастер, ахмад Э.Адьяа, цэргийн биеийн тамирын арга зүйч, Монгол Улсын гавьяат тамирчин, ахлах ахлагч Э.Даваачимэг, сургалтын офицер, Монгол Улсын гарьд, ахмад Ш.Жаргалсайхан нар асаалаа.


Тэмцээнд Завхан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тамирчид нийт 56 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.


Цэрэгжилтийн цанын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Г.Отгонбаяр тэргүүн байр эзэллээ. Хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбарын алба хаагч А.Мөнхтөр, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагч, хошууч Х.Норовжанчив шалгарсан байна.


Харин эмэгтэй төрөлд Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Г.Амарбаясгалан тэргүүлж, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Н.Урангоо, Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбарын алба хаагч, ахлагч П.Отгонтуяа нар удааллаа.


“Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд Зэвсэгт хүчний 325 дугаар анги тэргүүн байр эзэлж, удаах байруудад Хилийн цэргийн 0277 дугаар анги, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид шалгарсан байна.


Эмэгтэй төрөлд Хилийн цэргийн 0277 дугаар анги тэргүүн байр эзэлж, удаах байруудад мөн тус ангийн хилийн цэргийн салбар болон Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбар тус тус шалгарлаа. Цогцолбор тэмцээний нэгдсэн дүнгээр Хилийн цэргийн 0277 дугаар анги тэргүүн байр эзэлж, шилжин явах алтан цомыг дахин хүртэн, үүрд хадгалан үлдэхээр болов.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тамирчдын энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд хүчний байгууллагын алба хаагчдын тэсвэр хатуужил, бие бялдар, албаны ур чадварыг сорьдог онцлогтой.






Related news