ДАРХАН-УУЛ: Уул уурхай, металлургийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-05 16:43:20

Дархан, 2026 гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Уул уурхайн мэргэшсэн, тэр дундаа металлургийн мэргэжилтэн бэлтгэхэд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК, ШУТИС-ийн харьяа Дархан технологийн сургуультай хамтран ажиллаж байна. Тус хоёр байгууллагын төлөөлөл уулзаж, хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид төсөл, хөтөлбөрийг шинэ түвшинд гарган ажиллах талаар санал солилцов.


“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК уул уурхай, металлургийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор тус сургуулийн 30 оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгожээ.


Монгол Улсад инженерийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд бодит хөрөнгө оруулалт хийж, үр дүнтэй ажиллаж байгаад сургуулийн удирдлагууд талархлаа илэрхийллээ.




Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал нэгдэж, түүн дотроо металлургийн туршилт судалгааны лабораторийн баазыг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран төсөл боловсруулж хэрэгжүүлэхээр боллоо.


Мөн тус үйлдвэрийн хувьд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн удирдлагыг өнгөрсөн сард хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцсон байна.




Уулзалтын үеэр хөндөгдсөн нэг санал нь дээр дурдсан уул уурхай, металлургийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах асуудалд онцгойлон анхаарч, үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэн дээшлүүлэх, мөн хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх чиглэлээр тохиролцсон байна.


Мөн үеэр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас мэргэжил сурталчлах өдөрлөгийг энэ сарын 3-ны өдөр зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 370 сурагчид мэргэжил сонгох, тэр дундаа уул уурхай, металлургийн мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ, ажлын байрны боломжийн талаар мэдээлэл өгчээ.





Related news