БАЯНХОНГОР: Эхийн гол орчмоор өдөртөө +15 градус хүрч дулаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-11-нийг хүртэлх хугацаанд цас орохгүй, нийт нутгаар салхи секундэд 5-10 метр байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
Агаарын температур: энэ сарын 6-наас дулаарч Гурванбулаг, Галуут, Заг-Байдрагийн хүрэн бэлчир орчмоор шөнөдөө -22 -27 градус, өдөртөө -5 -10 градус хүйтэн, хангайн бусад, тал хээр, Алтайн салбар уулсын нутгаар шөнөдөө -13 -18 градус хүйтэн, өдөртөө -2 хүйтнээс +3 градус дулаан байна.
Харин говийн нутгаар шөнөдөө -8 -13 градус хүйтэн, өдөртөө +4 +9 градус дулаан, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө -1 -6 градус хүйтэн, өдөртөө +10 +15 градус дулаан байх төлөвтэй.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол баг нь Баянхонгор аймгийн газар тариалан, хүнсний ногоо тариалалт хийдэг гол цэгийн нэг юм. Тухайн бүсэд жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу хур тунадас багатай өвөрмөц уур амьсгалтай нутаг. Зун хөрсөн дээр +50, түүнээс ч давж халах нь бий.
Тус баг алдарт Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог.