Энэ хүрээнд Завхан аймгийн музейд дэлгэсэн “Сан хөмрөгийн дээж-Бурхад” үзэсгэлэнг өнөөдрийн байдлаар 700 орчим хүүхэд, залуус, иргэд үзэж сонирхжээ. Үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор, үнэ цэнтэй бурхан шашны дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
ЗАВХАН: Бурхдын үзэсгэлэнг 700 орчим хүн үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд дэлгэсэн “Сан хөмрөгийн дээж-Бурхад” үзэсгэлэн тав дахь өдрөө үргэлжилж байна.
Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан иргэдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Музейн нээлттэй өдрүүд-2026”-г орон даяар зохион байгуулж байгаа юм.
Тэдгээрийн дундаас XIX-XX зуунд урласан мөнгөн Махгал бурхны дүрслэл онцгой анхаарал татаж байна. Дархны нэр тодорхойгүй уг бүтээл нь музейн сан хөмрөгт үзмэр цуглуулгын журмаар бүртгэгдэн хадгалагдаж буй үнэт дурсгал ажээ.
Махгал бурхан нь гурван мэлмийтэй, хилэнт дүртэй, зургаан мутартайгаар дүрслэгдсэн байна. Баруун мутартаа махир хутга, зүүн мутартаа цустай гавал барьж, бадарсан галын дунд бадам цэцгийн наран мандал дээр дайснаа гишгэн зогссон байдлаар урласан байна. Мөн тэргүүндээ хохимой толгойн титэм, лагшиндаа улаан торгон хормойвч, хар нөмрөг өмсөж, ясан чимэг зүүлт болон хүний хохимой толгой хэлхэн зүүсэн догшин дүрслэлтэй.
Гомбо буюу Махгал бурхныг монголоор “Зургаан мутарт итгэл” хэмээн нэрлэдэг. Тэрбээр Гэлүгвагийн шашныг хамгаалагч гол чойжин бурхан бөгөөд Жанрайсэг бурхны догшин дүрд тооцогддог. Зургаан мутартай дүр нь Монголд өргөн дэлгэрсэн бөгөөд дайсныг дарах, гай зэтгэрийг зайлуулах, барцад саадыг арилгах хүчтэй хэмээн үздэг байна.
Монголчууд Махгал бурхныг дээдлэн шүтэж, дацан хийдүүд болон гэр орондоо залж, өргөл хүндлэл үзүүлдэг уламжлалтай. Мөн Гомбо сахиусыг хүн, малд тохиолдох гай зэтгэрийг дарах, барцад саадыг арилгах зорилгоор урин залж тахидаг байна.

Махгал бурхны бүтээл

Үзэсгэлэнгийн үеэр