ЗАВХАН: Хаваржилт хүндэрч болзошгүй сум, багуудыг онцгойлон анхаарахыг зөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Багахайрханы отрын бүс нутагт 5 сумын 57 өрхийн 56 мянга гаруй мал, хилийн зурвас газарт Тэс, Баянтэс сумын 74 өрхийн 30.1 мянган толгой мал хаваржиж байна.
Завхан аймгаас 4 сумын 64 өрхийн 165 малчин 25.2 мянган толгой мал Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Төв аймгийн 15 сумын нутагт отроор хаваржиж байна.
Дөрвөлжин, Завханмандал сумын нутагт Увс аймгийн 31 өрхийн 18.3 мянган толгой мал отроор хаваржиж байна гэж Завхан аймгийн ХААГ-аас мэдээлэв.
Тус аймгийн 24 сумын 109 багийн хэмжээнд сүүлийн арав хоногт цасны явуул судалгааг хийжээ.
Аймгийн хэмжээнд нийт нутгийн 93 хувь нь цастай, цасны дундаж зузаан 1-38 см, цасны дундаж нягт 0.10-0.28 гр/см3, хунгарласан хэсэгтээ 20-80 см байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу зудын үнэлгээ хийхэд, 12 сумын 25 баг цагаан зудтай, давхардсан тоогоор 13 сумын 48 баг цагаанаар зудархуу байна. Хоёрдугаар сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 23 хувь нь нэн их буюу их эрсдэлтэй, 60 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй гарсан байна.
Тиймээс хаваржилт хүндэрч болзошгүй сум багийн нутгууд онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах. Цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас зөвлөлөө.