БАЯНХОНГОР: ЕБС-иуд банк, санхүүгийн байгууллагуудтай түншилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг энэ оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын байгууллагын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, тус салбарт олон нийтийн оролцоог хангах олон ажлыг төлөвлөөд байна.
Нэрлэсэн жилийн хүрээнд “Нэг банк-Нэг сургууль” хамтын ажиллагааг аймгийн Засаг даргын санаачилгаар эхлүүллээ. Тус үйл ажиллагаа нь банк, санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудтай түншлэл тогтоон хамтран ажиллах зорилготой юм.
Аймгийн Боловсролын газрын дарга Л.Аюурзана, сургуулиудын болон банкуудын захиралтай санамж бичиг байгуулж, “Нэг банк-Нэг сургууль” санаачилгын хүрээнд:
- Номундалай ЕБС - Монгол банк, Хас банк
- Номгон ЕБС - Төрийн банк
- Эрдэнэмандал ЕБС - Хаан банк
- Эрдэм ЕБС - Голомт банк
- Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль - М банк
- Гэгээн Сумади ЕБС - Худалдаа хөгжлийн банк
- Соого Сейкео ЕБС - Ариг банктай тус тус хамран ажиллахаар тогтжээ.
Санамж бичигт тусгаснаар талууд сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, авьяас чадвар, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, мэргэжил сонголт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нөлөөллийн ажил зохион байгуулна. Мөн багш, сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, санхүүгийн зөв дадал бий болгох ажлыг зохион байгуулах юм.
Аймгийн Засаг даргын бодлого болон “Боловсролыг дэмжих жил”-ийн дэмжлэгээр хэрэгжиж буй энэхүү үйл ажиллагаа нь боловсролын салбарын тогтвортой хөгжил, олон нийтийн оролцоо, хамтын хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.