ДАРХАН-УУЛ: Аймгийн нийт ойн сангийн 94.85 хувь Хонгор сумын нутагт харьяалагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг газар нутгийн хэмжээ бага аймгийн тоонд багтдаг. Байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй ч ойн сан нь бусад аймагтай харьцуулахад бага юм. Аймагт нийт 84,412 га талбай ойн сантай бөгөөд үүнээс 79,113 га буюу 94.85 хувь нь Хонгор сумын нутагт харьяалагддаг.
Дархан сум хамгийн бага ойн сантай бөгөөд 179 га талбай буюу 0.21 хувийг эзэлдэг. Харин Шарын гол сум 945 га талбай буюу 1.13 хувийг, Орхон сум 3175 га талбай буюу 3.81 хувийг эзэлж байна.
Ойн хамгаалалтын бүсийн тухайд 945 га талбай нь ногоон бүсийн ой, 71.116 га талбай нь гол дагуух хориотой зурвасын ой, 11.351 га талбайд 100 га хүртэлх төгөл ой хамаарч байна.

Ойн санг байгалийн нөөцөөр нь авч үзвэл, хус мод хамгийн их хувь болох 3.292.430 шоо метр буюу 69.8 хувь, нарс мод 1.326.400 шоо метр буюу 28.4 хувь, улиангар 62.830 шоо метр буюу 0.001 хувь, бургас 18.860 шоо метр буюу 0.4 хувь, хайлаас 80 шоо метр буюу 0.001 хувийг эзэлж байна.

Нөөцийн сангаар
авч үзвэл, нийт 4.886.230 шоо метр ойн сантай. Үүнээс залуу насны ой 104.130 шоо
метр буюу 2.2 хувь, дунд насны ой 1.121.570 шоо метр буюу 24 хувь, болц гүйцэж
яваа 882.700 шоо метр буюу 18.9 хувь, болц гүйцэж хөгширсөн ой 2.557.170 шоо
метр буюу хамгийн их 54.8 хувийг эзэлдэг ажээ.