БАЯНХОНГОР: Наркологийн төвийн үйл ажиллагааг жишиг болгон хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхныг Баянхонгор аймагт ажиллах үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, ИТХ-ын дарга Б.Батсуурь нарын холбогдох удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус аймгийн эрүүл мэндийн салбарын ажил байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын тухайд санал солилцов.
Баянхонгор аймаг 2025 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бодлогын түвшинд онцгойлон анхаарч ажилласны үр дүнд дархлаажуулалтын хамралтыг өндөр түвшинд хүргэжээ. Тодруулбал, томуугийн вакциныг 100 хувийн хамралттай, умайн хүзүүний хавдраас сэргийлэх HPV (хүний хөхөнцөр вирусний эсрэг) вакциныг 88 хувийн хамралттай хийгээд буй.
Аймгийн Засаг дарга Э.Энхбат, Баянхонгор аймагт шинээр байгуулж буй Наркологийн төвийг наймдугаар сард ашиглалтад оруулахыг мэдэгдээд, тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг салбарын сайдаас хүслээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Баруун бүсийн Наркологийн төвийн үйл ажиллагааг улсын хэмжээнд жишиг төв болгон хөгжүүлэхэд салбарын яамнаас онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Баянхонгор аймгийн 88 мянга орчим хүн амд эрүүл мэндийн салбарын 1400 орчим эмч, ажилтан эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
2024 онд Баянхонгор аймагт бүртгэгдсэн нийт нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл болон бусад халдварт бус өвчлөл эзэлж байна. Тэр дундаа зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бол хавдрын шалтгаант нас баралт удаах байрт эрэмбэлэгджээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүсийн орон нутаг дахь томилолт үргэлжилж, салбарын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан ажиллана.