ДАРХАН-УУЛ: Ойн зохион байгуулалтын ажлын үр дүнд 1415 га талбайгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-03-02 14:25:44

Дархан, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн ойн сангийн талбай 81.997 га байсан бол ойн зохион байгуулалтын ажлын хүрээнд 1,415 га нэмэгдүүлж нийт 83.412 га болгожээ. Энэхүү ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Аглаг ой” ХХК 2023 онд гүйцэтгэж, ажлын тайлан, төсөл, зургийг ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 6-ны хурлаар хэлэлцэн батлуулсан байна


Хотын доторх ногоон орчныг бий болгоход иргэн, ААНБ-ын дэмжлэгээр мод тарих ажлыг зохион байгуулдаг бол Тэрбум мод, Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хүрээнд зөвхөн суурин газар бус хавар, намрын улиралд ойн захад тодорхой хэмжээнд мод тарьдаг байна.


Ойн санг ойн талбай, ойн бус талбай гэж хоёр ангилдаг. Ойн талбай нь 78.489 га талбайг хамардаг бол ойн бус талбай нь 4923 га талбайг хамарч байна.


Нийт 78489 га талбайн 69212 га нь ойгоор бүрхэгдсэн бол 9277 га талбай ойгоор бүрхэгдээгүй. Үүнээс 67996 га талбай нь байгалийн ой, 1112 га талбай нь сөөг торлог, 104 га талбай нь таримал ой юм.


Харин ойгоор бүрхэгдээгүй талбайн 7024 га нь тармаг модод, үүнээс түймэрт нэрвэгдсэн 728 га, мод бэлтгэсэн 303 га, ойжих 1222 га талбай эзэлж байна. Ойн бус талбайн 4459 га талбай нь цагаан энгэр бол 464 га талбай нь таг царам эзэлж байна.

Related news