ДАРХАН-УУЛ: Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-28 17:30:46

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төвийн бүс болон Өмнөговь аймагт “Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн төсөл”-ийг 2026-2027 онд хэрэгжүүлнэ. Тодруулбал, тогтвортой аялал, жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм.


Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, Жайкагийн “Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн төсөл”-ийн захирал Макино Такахико, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Дархан-Уул аймагт ажиллалаа.



Ажлын багийг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон холбогдох албаны удирдлагууд хүлээн авч, аймаг, орон нутгийн онцлог, аялал жуулчлалын нөхцөл байдлыг танилцуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Мөн Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт ажиллаж, аймгийн аялал жуулчлалын бодлого, орон нутгаас үзүүлдэг дэмжлэг, тогтмол зохион байгуулагддаг эвент, үйл ажиллагаа зэрэг салбарын мэдээллүүдтэй танилцжээ.


Энэ хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэгчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, мөн үндэсний үйлдвэрлэгч "Хүннү мөр" брэндийн гутлын үйлдвэрт зочилсон байна.




Тус брэндийн үүсгэн байгуулагч Б.Насанжаргал болон байгальд суурилсан адал явдалт аялал, агаарын дугуй, агаарын бөмбөлөг, тэмдэглэлт өдрийн тусгай хөтөлбөр зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг "Сатурн экстрем монгол" компанийн захирал Д.Ганбаатар нартай ажлын уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцан орон нутаг дахь үйлдвэрлэл, аялал жуулчлалын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж санал солилцлоо.




Төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын нөөцийн ойлголт, үнэ цэнийг нэмэгдүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын салбарт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, хүний нөөцийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Related news