БАЯНХОНГОР: Гурван мандал уул хадны зураг олонтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-28 17:06:45
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт, сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т оршдог, баруун хойноос зүүн урагш цувран тогтсон, орой нь тэгш тайрсан мэт сонирхолтой гурван уулыг Гурван мандал хэмээн нэрлэдэг.

Гурван мандал нь хадны зураг олонтойгоос гадна руни бичгийн дурсгалыг тээн үлдсэнээрээ онцлогтой.


Цувраа Гурван мандалын хоёр ууланд эртний түрэгийн руни бичгээр бичсэн дурсгал бий. Эдгээр бичээсийг он цагийн хувьд Түрэгийн хаант улсын үеийнх гэж үздэг.
Мөн Түрэгийн үед хамрагдах янгир хэлбэртэй тамга зэрэг 29 төрлийн тамга тэмдгийн дүрстэйгээс гадна сараажсан зураг, байшин гэр, зэвсэг зэргийг дүрсэлсэн байдгаас үзэхэд нийт зургийн тодорхой хэсэг нь Түрэгийн үед холбогдоно.

Тэнд мөн цөөвтөр түрэг үг байдаг. Л.Болдын /БНМАУ-ын нутаг дахь хадны бичээс 1990 он/ тайлж уншсанаар "Эцэг бид-Акыс эр нэр минь Улингчык", мөн өөр нэг бичээсэнд "Нэр минь дэр-Еничык Акыз" гэж бичжээ. 

Гурван мандалын уулын орчмоор урсдаг Байдрагийн гол бол эртний Түрэг нэр бөгөөд монголчилбол Баян ааргийн гол гэсэн нэр болох бөгөөд энэ орчимд Түрэгийн хаант улсын томоохон суурьшмал иргэд байсныг харуулдаг. Энэ бүхнээс үзэхэд, Гурван мандал нь манай түүхийн олон үеийн дурсгал нэг дор бөөгнөрсөн, түүхэн урт удаан хугацааны турш хүн төрөлхтөн тасралтгүй нутагласаар ирсэн, эртний өв соёлын үнэт дурсгалын газар болох нь илт.


Related news