БАЯНХОНГОР: 128 бөхийн нээлттэй барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-28 10:02:21

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар ссрын 28 /МОНЦАМЭ/. Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн Баянхонгор аймгийн нэгдсэн золголтыг энэ сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.


Золголтын үеэр улс, аймгийн цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан болов. 


Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн Үсэг” групп, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүрлэлээ. 


Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-189 анги, “Алтаргана констракшн” ХХК, Увс нуур" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдсэн байна. Харин дунд шөвөгт улсын начин Х.Оргилболд, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан Б.Даваадалай, аймгийн харцага Г.Гантулга нар үлджээ.


Золголтыг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөх тус бүр гурван сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

Related news