ДАРХАН-УУЛ: Тэнгэр, газар сүлэлдэх говийн уудам орон зайг "Чандмана" бүтээлээр илэрхийлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дарханы зураач, Урчуудын эвлэлийн гишүүн С.Мөнгөнзул “Торгоны зам” нэртэй хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Монголын Урчуудын эвлэлийн Контемпорари арт галерейд хоёрдугаар сарын 6-нд нээсэн байна. Үзэсгэлэн гуравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд үзэгчдэд “Чандмана” бүтээл нь онцгойлон сонирхол татаж буй.

Уран зураг судлаачид уг үзэсгэлэн нь өнгөрсөн ба одоо, хүн ба байгаль, дотоод оршихуй ба гадаад ертөнцийг холбосон аяллыг дүрслэн харуулж байгааг онцолж байна.
Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлээс тодотгосон Чандмана бүтээлийг 2026 онд зурсан бөгөөд 80х240 см хэмжээтэй, даавуун дээр гуаш, усан будгийн хослолоор бүтээжээ. Энэхүү бүтээлд тэнгэр, газар хязгааргүй сүлэлдэх говийн уудам орон зайг уран дүрслэлээр илэрхийлснийг судлаачид тодотгожээ.

Тэмээн жингийн цуваа алс холын аянд
мордон, говьд ус мэт эрхэм, амьдралд нэн чухал зүйлийг авчрах ариун зорилгыг
бэлгэднэ.
Эргэлдэн долгиолох хөх өнгө нь зөвхөн ус бус амьдралын эх булаг, хөгжил дэвшил, мэдлэг ухаан, итгэл найдвар зэрэг хүний оршихуйн үнэт зүйлсийг төлөөлнө. Говьд ус эрхэм байдаг шиг, хүн төрөлхтөнд ч мөн адил амьдралыг тэтгэх, урагшлуулах эрхэм нандин зүйлс бий.

Нүүдлийн ахуй, тэмээн жингийн тасралтгүй цуваа, торгоны замын түүхэн улбаа, монгол эмэгтэйн үе үеийн дүрийг уламжлалт монгол зургийн хэлээр орчин үеийн мэдрэмжтэй хослуулан дүрсэлсэн энэхүү үзэсгэлэн нь өнгөрсөн, одоо мөн хүн ба байгалийн дотоод болон гадаад ертөнцийг холбосон уран сайхны аялал болж, уран зураг сонирхогчдын талархлыг хүлээжээ.
Түүнчлэн
нүүдлийн соёл, тэмээн
жин, торгоны замын өв
уламжлал болон монгол эмэгтэйн гоо зүйг орчин үеийн уран зургийн хэлээр
илэрхийлсэн олон бүтээл дэлгэжээ.