ДАРХАН-УУЛ: Дулаан хангамж болон гангийн цогцолбор барих газрыг ИТХ-аар хэлэлцүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд хоёрдугаар сарын 13нд Дархан-Уул аймагт ажилласан. Энэ үеэр Гангийн цогцолбор болон Дархан хотын хоёр дахь эх үүсвэрийг барьж байгуулах асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Аймгийн засаг дарга Б.Азжаргал, орлогч дарга Б.Жавхлан, Я.Бат-Очир, ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун, Орхон сумын засаг дарга Б.Түмэнцогт нар гангийн цогцолбор болон дулаан хангамжийн хоёр дахь эх үүсвэрийг барихаар төлөвлөж буй хоёр байршлыг үзэж, нөхцөл байдалтай танилцлаа.

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг Энхтал багт Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу баригдаж буй хатуу хучилттай авто замыг түшиглэн гангийн цогцолбор барихаар төлөвлөжээ. Харин Дархан сумын Хөтөл хорооллын орчимд дулаан, эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрийг барьж байгуулахад илүү тохиромжтой гэж судлаачдын саналыг үндэслэн холбогдох байгууллагын удирдлагууд үзэж байна.
Гангийн цогцолбор барихыг засгийн газраас дэмжиж ажлын хэсэг байгуулагдсан бол газар нутгийн хэмжээ бага, хүн ам олноор суурьших болсон Дархан хотод дулаан, цахилгаан хангамжийн дараагийн эх үүсвэрийг барих шаардлага үүссэнийг аймгийн засаг дарга тодотгосон билээ.

Гангийн цогцолбор болон эрчим
хүчний хоёр дахь эх
үүсвэрийг барих газрыг эхний ээлжид орон нутгийн тусгай хэрэгцээнд авч аймаг, сумын ИТХ-аар хэлэлцүүлэх юм. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, УИХ-д
хүсэлтийг уламжлахаар төлөвлөн ажиллаж байна.