ДАРХАН-УУЛ: Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-26 17:40:47

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг”-ийн мэргэжил олгох сургалтын бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлнэ.  Арван өдрийн турш үргэлжлэх бүртгэлд их, дээд сургуулийн оюутнууд И Монголиа системээр бүртгүүлэх бол мэргэжлийн сургуулийн оюутнууд сургалтын албандаа хүсэлтээ гаргаж өгөх юм.


Бүртгүүлэх хүсэлт илгээх оюутнууд дараах дөрвөн шалгуурыг хангасан байх ёстой гэдгийг аймгийн Цэргийн штабаас мэдээлж байна.


Үүнд: Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн 1-3  дугаар дамжааны оюутан байх, сурлагын голч дүн 2.8-аас дээш байх, 2026 оны зургаадугаар сарын 15-аас өмнө 18 нас хүрсэн байх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сүүлийн нэг жил төлсөн байх гэсэн үндсэн шалгуурыг тавьжээ.



Бүртгэлийн хариуг ирэх сарын 11-17-ны хооронд И Монголиа системээр дамжуулан илгээх юм. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус цэргийн жинхэнэ алба хаагчдын адил эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалт зэрэг тусгай шалгуурыг хангасан тохиолдолд тэнцдэг гэдгийг албаныхан тодотгож байлаа.

 

Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хээрийн бэлтгэлийн баазыг түшиглэн хэрэгжүүлдэг бөгөөд дөрөвдүгээр сараас эхлэн танхимын сургалтад хамрагдаж, зургаадугаар араас эхлэн хээрийн бэлтгэл эхэлдэг.

 

Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлж байна.

 

Цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн тэвчээртэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж буйг албаныхан онцоллоо.

 

 

Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Дархан технологийн сургууль, АШУҮИС-ийн Анагаахын сургууль, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агро экологи, бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа дээд сургууль, Мандах бүртгэл сургууль, Дархан дээд сургууль, Дархан политехник коллежийн оюутнууд хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

 

Related news