БАЯНХОНГОР: Хайрган чулууг хагалж, шууд засах байдлаар зэвсэг бэлтгэдэг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Цагаантуруутын голын хөндийд байрлах Эмээлт толгойн орчмын чулуун зэвсгийн дурсгалыг анх 2017 онд олж илрүүлсэн байдаг.
Чулуун зэвсгийн байдлаас үзэхэд тухайн бүсэд маш удаан хугацааны турш хүн амьдарч, багаж зэвсгээ үйлдвэрлэж байсан суурин буюу дарханы газар байсан байх магадлалтайг судалгаагаар тогтоожээ. Учир нь дээд палеолитын эхэн үеийн зэвсэг үйлдвэрлэлийн аргыг илтгэх леваллуагийн үлдэц, зэрэгцээ цуулалт бүхий конус, хавтгай, гонзгой хэлбэрийн үлдцүүдээс гадна леваллуагийн аргаар цуулалт хийсэн олон тооны ялтас, түүгээр хийсэн зэвсгүүд, дээд палеолитын төгсгөл үед гарч ирсэн жижиг призм, шаантаг хэлбэрийн үлдцүүд их гарсан байна.

"Хянгар зэвсгийг хамгийн их хэрэглэж байснаас гадна эдлэлийг хусах, засах үйлийг их хэрэглэж, амьтны арьс ширийг халимлаж боловсруулах ажлыг голчилдог байсан зэргээс үзвэл цаг уурын байдал эрс тэс, хүйтэн сэрүүвтэр байжээ гэсэн дүгнэлтийг хийж болох юм" хэмээн Хангайн нурууны Эмээлт толгойн чулуун зэвсгийн дурсгал. /Acta historica. Tom. XV. УБ, 2019/ -д дурджээ.
Эмээлт толгойн орчмын чулуун зэвсгийн дурсгалуудаас хамгийн сонирхолтой олдвор нь том хэмжээний хянгар зэвсэг болон харуул зэвсгүүдийг голын хайрган чулууг хагалж шууд засах байдлаар бэлтгэсэн байдаг бол хянгар зэвсгийн ихэнхийг ялтас ашиглан хийсэн байдаг байна.