БАЯНХОНГОР: Дулаан үйлдвэрлэлд зөвхөн Дөвөнтийн уурхайн нүүрсийг хэрэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн удирдлагууд утааг бууруулах зорилтын хүрээндээ олон үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлж эхэллээ.
Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын нэгний өдрөөс Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй бүх уурын зуух туршилтаар зөвхөн Дөвөнтийн уурхайн нүүрсийг дулаан үйлдвэрлэлдээ ашиглахаар болсон байна. Хаврын урь орж, цаг уядаж буй тул тортог багатай орон нутгийн нүүрс, түүхий эдийг аймгийн төвийн хэмжээнд дулаан үйлдвэрлэлдээ ашигласнаар утаа, агаарын бохирдлын чанарт хэрхэн нөлөөлж буйг тооцохоор мэргэжлийн байгууллагууд болон дулаан үйлдвэрлэгч нартай зөвлөлдөн дээрх шийдвэрийг гаргажээ.
Баянхонгор аймгийн төвийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хороолол, 30 орчим хувийг уурын зуух, үлдсэн хувь нь авто машинаас гарч буйг агаарын бохирдлын судалгаагаар тогтоосон байна.
Ташрамд, Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум өнгөрөгч зургаадугаар сард агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай болжээ. Баянхонгор сум агаарын чанарын автомат хяналтын станцтай болсноор, улсын хэмжээнд энэ төрлийн станцтай 10 дахь аймаг болсон бөгөөд орон нутгийн байгаль орчны төлөв байдлыг хянах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломж бүрдсэн юм.