БАЯНХОНГОР: Монголын математикийн олимпиадын хорооны тугийг аялуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-25 16:31:40

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Математикийн улсын 62 дугаар олимпиадыг Баянхонгор аймагт зохион байгуулахтай холбогдуулан Монголын Математикийн олимпиадын хорооны (ММОХ) тугийг орон нутгийн сургуулиудаар аялуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь математикийн шинжлэх ухааны үнэ цэнийг залуу үед таниулах, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, багш нарын арга зүйг туршлагажуулах зорилготой юм. ММОХ-ны тугийг аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиуд болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Баянговь, Баянлиг, Богд суманд аялуулаад байна.


Туг аялах хугацаанд сургууль бүр өөрсдийн өнгө төрхийг харуулсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, багш нарын заах арга зүйг дээшлүүлэх болон сурагчдад бодлого бодох дөт аргуудыг заах сургалтууд, сургуулийн аварга шалгаруулах IQ болон түргэн бодолтын тэмцээн, логик сэтгэлгээний сорилт, анги бүлэг хоорондын болон сургуулийн нэрэмжит математикийн олимпиадуудыг зохион байгуулж байна.

Улсын математикийн 62 дахь удаагийн олимпиадыг тус олимпиадын таван удаагийн аварга багш Б.Баяржаргалын нэрэмжит болгон тус аймагт энэ онд зохион байгуулахаар товлоод буй. Баянхонгор аймаг анх 1996 онд улсын математикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулж байсан бол 30 жилийн дараа буюу 2026 онд математикийн улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулна.

Зөвлөх багш Б.Баяржаргал нь улсын математикийн олимпиадаас 1996, 1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж 5 алт, 2003, 2008, 2012 онд дэд аваргаар шалгарч 3 мөнгөн медаль тус тус хүртсэн бөгөөд улсын математикийн олимпиадын түүхэнд багшийн ангилалд 5 түрүүлсэн хүн хоёр байдгийн нэг нь Б.Баяржаргал.

Related news