БАЯНХОНГОР: "Нэг банк - Нэг сургууль" санаачилгыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-25 15:44:33

Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд "Нэг банк - Нэг сургууль" санаачилгыг эхлүүллээ.


Тус санаачилгын талаар зөвлөлдөх уулзалтыг Баянхонгор суманд зохион байгуулж, орон нутгийн болон Боловсролын газрын удирдлагууд, мөн Монгол банк, Хаан, Хас, Голомт, Ариг, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, М банканд ажилладаг Баянхонгор дахь салбарын удирдлага, төлөөллүүд оролцов.

Уулзалтад оролцогчид зөвлөлдөж, ерөнхий боловсролын сургуулиудын компьютер, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, сурагчдын санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Энэхүү санаачилга нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.


Баянхонгор аймаг "Боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд энэ онд дараах томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:
-Олон улсын чанарын тогтолцоо: Боловсролын байгууллагуудад нэвтрүүлсэн чанарын менежментийг бататгаж, мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчдын ур чадварыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх;
-Сургуулийн өмнөх боловсрол: Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн онцлогт тохируулан эрчимжүүлэх;
-Гадаад хэл ба Байгалийн ухаан: Гадаадаас англи хэлний зочин багш нарыг урьж ажиллуулах, улсын математик, физикийн олимпиадыг аймагтаа зохион байгуулж, багш сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
-Мэргэжлийн болон техникийн боловсрол: Мэргэжлийн боловсролын суралцагчдынхаа ур чадварыг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хосолмол сургалтыг дэмжих;
-Насан туршийн суралцахуй: Иргэн бүр тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлсэн "Суралцагч хот" болох суурийг тавих зорилт дэвшүүлээд байна.

Related news