БАЯНХОНГОР: 43 улсын далбаатай хүндэтгэлийг гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-24 17:32:30
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын зэвсэгт хүчний анхны цэргийн хүчний командлагч, хошууч генерал Б.Эрдэнэбатыг Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны Кипр Улс дахь цэргийн хүчний командлагчаар ажиллаж, хоёр жил гаруйн хугацаанд олон сорилтыг амжилттай даван үүрэг гүйцэтгэсэн Баянхонгор аймгийн харьяат, Монгол Улсын Зэвсэгт хүчний хошууч генерал Б.Эрдэнэбат энэ сарын 9-нд эх орондоо ирсэн юм.

Тэрбээр сар шинийн өдрүүдэд төрөлх нутагтаа золголт хийх үеэрээ Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбаттай уулзан, Кипрт хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны цэргийн хүчний командлагчаар ажилласны тэмдэглэлийг илэрхийлсэн, 43 орны далбаатай хүндэтгэлийг гардуулжээ.


Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд эх орон, төрөлх нутаг орныхоо нэрийг олон улсын түвшинд амжилттай гарган, монгол цэргийн сүр жавхааг бахархалтайгаар сурталчилж буй хошууч генерал Б.Эрдэнэбатад Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат талархал илэрхийлээд, цаашдын ажилд нь их амжилт хүсэв.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, хошууч генерал Батсуурийн Эрдэнэбат 1996 онд Цэргийн их сургуулийг Ерөнхий цэргийн команд, штабын офицер мэргэжлээр төгссөн байна.

НҮБ-ын Либери дэх Энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар 2010-2011 онд, НҮБ-ын Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааны батальоны командлагчаар 2013-2014 онд, Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргын албыг 2014-2017 онд тус тус хашиж, Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах офицероор 2017-2018 онд, НҮБ-ын Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааны Өмнөд секторын штабын даргаар 2018-2019 онд, 2022 он хүртэл БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны Жуба секторын командлагчаар ажилласан туршлагатай. Түүнчлэн Ирак, Сьерра-Леон, Косово, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ болон Хойд Атлантын эвслийн байгууллагын энхийг сахиулах, энхийг дэмжих 8 удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
Related news