ДАРХАН-УУЛ: ОБГ-ын алба хаагчид 11 удаагийн гал түймэр, аврах ажиллагаанд шуурхай ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-24 16:32:48

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Төвийн бүсийн хэмжээнд нийт 11 удаагийн дуудлага ирснээс зургаа нь гал түймэр, тав нь аврах ажиллагаа байсныг алба хаагчид амжилттай гүйцэтгэсэн байна.


Энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 50 гаруй иргэдийн амь, эд хөрөнгийг авран хамгаалжээ.


Аймгийн хэмжээнд дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдсэнээс гал түймрийн дуудлага гурав, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж үүрэг гүйцэтгэжээ.


Өчигдөр Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид галын голомтод ажиллаж, аюулгүй болгосон байна. Мөн утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалжээ.


Төвийн бүсийн хэмжээнд ирсэн аврах ажиллагаа нь цаг агаарын мэдээлэл аваагүй, техникийн бүрэн байдлыг хангаагүй, хөдөө явахдаа цасанд суух зэрэг дуудлага эзэлсэн байна.


Мөн галын аюулгүй байдлын дүрэмд заасны дагуу гэр, байшингийн хоорондын зайг таван метрээс доошгүй байлгах стандартыг мөрдөөгүйгээс гал түймэр гарах тохиолдлууд бүртгэгдэж байгааг онцолж байна.


Тиймээс галын аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж байхыг анхаарууллаа.

Related news