БАЯНХОНГОР: Улс, аймгийн цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Баянхонгор аймгийн нэгдсэн золголтыг энэ сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Золголтын үеэр улс, аймгийн цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан болох юм.
Золголтыг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулах бөгөөд барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн хоёр бөхийг гурван сая төгрөгөөр шагнана. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй говь, хангай, тал хээрийн үзэсгэлэнт нутгийн уугуул, суугуул нийт иргэдээ золголтын үйл ажиллагаанд морилон саатахыг зохион байгуулагчид урилаа.
Баянхонгор аймаг нь 1941 онд байгуулагдсан бөгөөд анх Говьбөмбөгөр гэж нэрлэгдэж байгаад дараа нь Баянхонгор болж өөрчлөгдсөн түүхтэй. Өдгөө хүн амын тоо 90 мянга шахам болоод буй.Тус аймгийн төв нь Улаанбаатараас 630 километр зайтай, нутаг дэвсгэрийн хэмжээ 116 мянган хавтгай дөрвөлжин километр. Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг, Говь-Алтайн нурууны өмнөд хэсгийн салбар уулс, Их нуурын хотгорын дундад хэсэг, Алтайн цаад говийн нутгийг хамардаг.
Нутгийн ихэнх нь далайн түвшнээс дээш 1000-1400 метр өргөгдсөн байдгаас хамгийн өндөр нь Их Богд уул 3957 метр, хамгийн нам дор газар нь Эхийн гол 750 метр. Хар ус, Шар ус, Буянт, Хуримт, Сүмбэр, Заг, Байдраг, Түй, Шаргалжуут, Лиг, Цагаан гол, Баянцагаан зэрэг том, жижиг 160 гаруй гол горхитой бол Бөөнцагаан, Орог, Адгийн цагаан, Дуут, Хуримт, Бөөрөг, Олгой зэрэг 30 шахам нуур бий.
Шаргалжуут, Өргөөт, Тээл, Халиут, Ичээт, Хүрэн хад зэрэг халуун, хүйтэн 20 гаруй рашаантай. Эхийн гол, Шар хулстай, Цагаан бургас, Хуцын шанд, Өлзийт гол, Бурхант, Бор овооны задгай, баруун зүүн Тоорой зэрэг үзэсгэлэнт баянбүрдүүдтэй.
Баянхонгор аймгийн долоон гайхамшгаар Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түрэгийн үеийн бичээс, Бүгийн цавын хоолой, Шаргалжуутын халуун рашаан, Их богд уулыг нэрлэдэг. Бүх нутгаар чулуун зэвсэг, хүрлийн үеийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл гоёл чимэглэлийн зүйлс, хадны бичээс, дүрс, сүг зураг, бичигт хөшөө, буган чулуу, хүн чулуу тархсан байдаг нь онцлог.