БАЯНХОНГОР: Энэ сарын 25-наас хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШГ-аас энэ сарыг дуусталх хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг танилцууллаа.
Хоёрдугаар сарын 24-нд хангайн уулархаг болон хээрийн нутгийн зарим хэсгээр цас орно. Мөн 24, 25-ны өдрүүдэд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар баруун өмнөөс секундэд 12–14 метр, түр зуур 18 метр хүрч ширүүсэх бөгөөд цасан болон шороон шуурга шуурна.
Энэ сарын 25-наас хүйтний эрч чангарч Гурванбулаг, Галуут, Заг-Байдрагийн хүрэн бэлчир шөнөдөө -32 -37 градус, хангайн бусад нутаг, тал хээрийн нутгаар шөнөдөө -23 -28 градус, өдөртөө -9 -14 градус, Алтайн салбар уулс, говийн нутгаар шөнөдөө -18 -23 градус, өдөртөө -2 -7 градус хүйтэн, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -7 -12 градус хүйтэн, өдөртөө +1 +6 градус дулаан байх төлөв гарчээ.
Аймгийн УЦУОШГ-ын Өртөө, харуулын цасны зузааны мэдээллээр Байдраг 10 см, Галуут 8 см, Гурванбулаг 3 см, Баянхонгор, Бөмбөгөр, Бууцагаан, Баянцагаан, Эрдэнэцогт, Шаргалжуут, Хүрээмаралд 1-2 см цастай байна.
Ойрын хоёр өдөр нийт нутгаар цасан шуургатай, Баянхонгор аймгаас Улаанбаатар хот, Баянхонгор аймгаас Говь-Алтай аймаг явах зам, даваа, гүвээ, халтиргаа гулгаа ихтэй мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онц шаардлагагүй бол аян замд гарахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Зайлшгүй замд гарах тохиолдолд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулав.