БАЯНХОНГОР: Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-02-23 14:46:18
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд хадгалагдаж буй ховор содон хөөргүүдийг цувралаар танилцуулж байна.


ХХ зууны эхэн үеийн, мана чулуу, чулуу, гууль, зэс оролцуулан урласан сийлбэртэй мана хөөрөг бол Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейн онцлох үзмэрийн нэг. Ногоовтор туяатай мана чулуугаар урласан энэхүү хөөрөг нь гадаргуу дээрээ товойлгон сийлсэн домгийн амьтны дүрслэлтэй. Дүрсэлсэн амьтан нь арслан буюу хамгааллын бэлгэдэл бүхий хүчирхэг амьтны хэв шинжийг илэрхийлнэ.

Хөөрөг нь монголчуудын ахуй, ёс заншлын салшгүй хэсэг бөгөөд мэндчилгээ, хүндэтгэлийн зан үйлийн чухал хэрэглэгдэхүүн байв. Тэгвэл мана чулуу нь бат бөх, өнгө судал гоёмсог тул язгууртан, чинээлэг хүмүүсийн дунд өргөн хэрэглэгдэж байсан байна.

Тус хөөргийн ур хийцийн онцлог нь байгалийн чулууны өнгө, судлыг ашиглан дүрслэлийг тодотгож, гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн нь урлаачийн нарийн чадварыг харуулна.


Хөөрөг нь хамрын тамхи хийх зориулалттай, мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн, гарын алганд багтах хэмжээтэй эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эврийн яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч байдаг. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг байсан бол хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болсон байна.


Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар маныг ухаан санаа самуурахаас сэргийлдэг гэдэг. Мана сэтгэл санааг сэргээх хүч тамир оруулах увидастай, амар амгалан, хайр сэтгэлийг бэлгэддэг бөгөөд муу бүхнээс эзнээ хамгаалж, урт удаан наслуулдаг төдийгүй бамбай булчирхай, зүрхний өвчинд тустай, даралт тогтворжуулах, цусны эргэлтийг сайжруулах увидастай гэгддэг.


Аймгийн музейд хадгалагдаж буй сийлбэртэй манан хөөрөг
Бүтээсэн он цаг: XX зууны эхэн үе
Материал: Мана чулуу, чулуу, гууль, зэс
Хэмжээ: 8х4.2х1.8 см, 110 гр



Related news