Мөн элэгдэх тусам өнгө орж, улам гөлгөр болдог онцлогтой.
БАЯНХОНГОР: Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө ордог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрчүүдийн гол гоёл чимэглэл бөгөөд эмэгтэйчүүд ч хэрэглэж иржээ. Баянхонгор аймгийн музейд XIX зууны уужны хаш хөөрөг хадгалагдаж байна.
Монголчууд хөөргийг их, дунд, бага гарын, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэхээс гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ялгадаг.
Уужны хаш хөөрөг:
Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл, XX зууны эхэн үе
Материал: Мөнгө, шүр, хаш
Хэмжээ: 4.3х8.5 см, 55 гр
Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хөөрөг нь гэмтсэн ясыг бороолуулах, эр, эм хүний ариун ёсыг сахихад тустайгаас гадна зүрх сэтгэлийг амгалан болгож, догшин авирыг номхотгох увдистай хэмээн үздэг.
Хөөрөг нь эрт цагт ихэвчлэн хутагт, хувилгаад болон төрийн зарим дээд албан тушаалтны хэрэглээ байжээ.
Монгол хөөргийн хувьд чулуу, чулууны бүтэц, тэр дундаа толгойн хийц, үнэ цэн чухалд тооцогддог. Түүнчлэн тухайн хөөргийг ямар төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаан хэрэглэж байсан нь үнэ хүрэхэд онцгой нөлөө үзүүлдэг байна.
Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг урлан хэрэглэж ирсэн уламжлалтай. Мөн хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс нь нарийн дэг жаягтай зан үйлд тооцогддог.
Мэндлэхдээ хоёр хүн өөрсдийн хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо байрлуулан солилцоно. Ингэхдээ хөөргийн толгойг үл ялиг онгойлгон барьж өгдөг бөгөөд буцаан барихдаа ч мөн адил тэр байдлаар нь хүндэтгэн гардуулдаг заншилтай.