ДАРХАН-УУЛ: Их сургуулийн судалгаа шинжилгээний төвүүдийг хөгжүүлэх боломжуудыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-10 10:02:39

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дархан хотын хувийн хэвшлийн анхдагч сургуулиудын нэг болох Дархан коллежоос “Бүс нутгийн хөгжилд их сургуулийн үүрэг оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгууллаа. Тус хурлыг Монгол Улсын бүсчилсэн хөгжилтэй уялдуулан зохион байгуулж, хөрш орнуудын эрдэмтэн, багш нар илтгэл тавьж, санал солилцов.



Улс орныг бүсчилж хөгжүүлэхэд боловсон хүчин, багш, эрдэмтдийн санал, санаачилга чухал байдаг. Тиймээс уг үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, хөрш орнуудын эрдэмтэн, багш нарыг урьж оролцуулсан байна. Тодруулбал, “Дархан коллеж”, ОХУ-ын Буриадын их сургууль, ӨМӨЗО-ы Хондер коллежтой хамтран уг хурлыг зохион байгуулжээ.



Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа хүндэт зочноор оролцож, Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэнгийн Орон зайн өгөгдөл судалгааны газрын дарга А.Чулуунчимэг “Бүсчилсэн хөгжилд их сургуулийн оролцоо” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд болон мэргэжлийн сургуулиудын удирдах ажилтнууд хуралд оролцсон юм.


Тус хурал нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд их сургуулийн үүрэг, дэргэдэх судалгаа шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааг бодлоготой уялдуулан хөгжүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн, багшийн нөөц боломжийг судлах, боловсролын салбарт хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.



Бүс нутгийн хөгжлийн боловсролын чиг хандлага, багшлах боловсон хүчний эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээл, их, дээд сургуулийн дижитал технологийн шилжилт, хиймэл оюун ухаан ба их сургууль, STEAM буюу шимт боловсрол, багшлахуй ба суралцахуйд туршиж буй шинэ технологи, туршлага, боловсролын чанарын үнэлгээний систем, их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны төвийн үйл ажиллагааны чиглэл зэрэг сэдвээр СӨББ, ЕБС, ИДМС-ийн багш, арга зүйчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, магистрант, докторант болон эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлэв.


Энэхүү эрдэм шинжилгээ онол, практикийн бага хурлаас зөвлөмж гаргаж, Боловсролын яам, Засгийн газарт танилцуулж бүс нутгийн хөгжилд их дээд сургууль, эрдэмтэн багш нарын үүрэг оролцоог тодотгоно гэж Дархан коллежийн дэд захирал Э.Лхагвасүрэн ярилаа.

Related news