ДАРХАН-УУЛ: Үзэсгэлэн худалдаанд зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан дотоодын үйлдвэрлэгчид, ААНБ-ын бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах, худалдан борлуулах зорилготой “Монгол баяр-Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаанд 12 аймгаас 123 жижиг, дунд бизнес эрхлэгч, ААНБ оролцож байна.
Арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, айраг, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, тавгийн идээ, мах зэргийг нэг дороос авах боломжийг бүрдүүлдэг.
Сар шинийн баярын ширээний голлох бүтээгдэхүүн болох хэвийн боов 6000-8000 төгрөг, ааруул 30.000-35.000 төгрөг, хонины ууц том, жижиг болон аль аймгаас ирснээсээ шалтгаалан килограммыг нь 13.000-14.500 төгрөгийн хооронд худалдаж байна.
Энэ жил үзэсгэлэн худалдаанд зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж, импортоор орж ирсэн хүнс болон бараа бүтээгдэхүүн худалдахгүй. Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнд мэргэжлийн байгууллагууд болон зохион байгуулагчид хяналт тавина.
“Монгол баяр-Монгол бэлэг” үзэсгэлэн
худалдаа хоёрдугаар
сарын 8-15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд аймгийн ЗДТГ, ХХААХГ,
ХАҮТ, БТСГ хамтран зохион байгуулж байна.